“Бид хамтдаа чадна”
2010 оны 2-р сарын 8-9. Улаанбаатар хот
Зорилго
Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох болон тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй, хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслахад оршино.
Чуулга уулзалтын үеэр “Монголын Эдийн Засгийн Форум” нэртэй улс төрийн хамааралгүй, төрийн бус байгууллагын үндэс суурийг тавих бөгөөд тус байгууллага нь цаашид энэхүү чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулж явахын зэрэгцээ улс орны өмнө тулгарч буй хөгжлийн асуудлаар тухай бүр холбогдох талуудын хооронд нэгдсэн ойлголцол бий болгоход зуучлах болно.
Үндэслэл
Монгол Óлс эрчимтэй хөгжлийн замд тууштай орох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд боловсон хүчний болон байгалийн дотоод нөөц бололцоогоо зөв зохистой ашиглах шаардлага тулгараад байна. Мөн бизнесийн орчинг сайжруулах, төсвийн шинэчлэл, уул уурхайн хөгжил, дэд бүтцийн болон санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил, ногоон эдийн засгийн зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж, хөгжлийн гарцыг олох, нэгдсэн зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна.
Монгол Улс эрт үеэс төрийн бодлогын тулгуур асуудлуудаа нээлттэй хуралдаанаар хэлэлцэн шийдэж ирсэн уламжлалтай. Бүр XIII зууны эхээр буюу Магна Карта1-гаас есөн жилийн өмнө Их Монгол улсын анхны Их Хуралдай (их чуулган)-гаар Их Засаг\Үндсэн хууль\-аа батлан гаргасан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Монголчууд эртний уламжлалаа дагаж 2010 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Монголын Эдийн Засгийн Чуулга Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна.
Хэлбэр болон оролцогчид
Чуулга уулзалт нь нэгдсэн болон салбар хуралдаан, компаниудын танилцуулга, компаниудын зөвлөлдөх уулзалт, хөрөнгө оруулагчдын төслийн илтгэл, холбогдох ажлын хэсгийн хуралдаан, хоёр талын уулзалт зэрэг олон хэлбэрээр явагдана.
Энэ чуулга уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулах нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна
Энэ удаагийн Чуулга Уулзалт нь Монголын уламжлалт үндэсний баяр - Цагаан сарын өмнө зохион байгуулагдаж, 2010 он болон хойших хугацааны бодлогыг тодорхойлох шинэ эхлэл тавьж байна. Эдийн засгийн чуулга уулзалтаас гарах зөвлөмж, дүгнэлтүүд нь дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, төсвийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулахад ихээхэн нөлөө үзүүлэх юм.
Чуулга уулзалтанд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцох юм.
Чуулга уулзалт нь ил тод, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахад ихээхэн анхаарч, чуулга уулзалтын тухай мэдээллийг телевиз, интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр нэвтрүүлж олон нийтэд хүргэх болно. Мөн нэр хүнд бүхий зочдыг оролцуулсан илтгэл, хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Чуулга уулзалт болох газар
Засгийн Газрын Ордон, Ардын Их хурлын танхим
11215 оны Британи Улсын анхны Үндсэн хууль |