News-2018-03

Хүчээ нэгтгэх цаг буюу эдийн засгийн хавар

By May 22, 2018 No Comments

“Хүчээ нэгтгэе”. Энэ бол өчигдөр Төрийн ордонд бүтэн өдөр үргэлжилсэн Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын уриа. Улсын хөгжлийн төлөө Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг зүг рүү хамтарч ажилладаг, төр, хувийн хэвшил нь дэм дэмэндээ цэцэглэн хөгждөг байя гэсэн чухал санаачилга.

Монголын эдийн засгийн форумын эхний үе шат болох энэхүү хэлэлцүүлгийн төгсгөл хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга, “Эдийн засгийн хүнд үед би Төрийн тэргүүн, У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн боллоо. Бид хүчээ нэгтгэхээс өөр замгүй болжээ. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэх, баялаг бүтээгчдийнхээ бизнесийг хамгаалах, шударга ёсыг тогтооход хамтын хүч чухал” гэв.

Саяхныг хүртэл төр, хувийн хэвшил хоорондын үл ойлголцол байсан уу гэвэл байсан.

Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн гол сэдэв нь Засгийн газраас боловсруулсан Гурван тулгуурт хөгжлийн бодлого хийгээд түүний хүрээнд хийх ажлууд байлаа.

УИХ-ын дарга М.Энхболдын тодотгосноор эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, дархлааг сайжруулах зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгасан. Бусад орны туршлагаас үзэхэд хувийн хэвшил нь ганц нэгээрээ биш нийлж нэгддэг, төр нь санхүүгийн дэмжлэг гэхээс илүү худалдааны бодлого, улс төрийн яриа хэлцэл, зөвлөх үйлчилгээний хүрээнд экспортыг дэмжинэ хэмээсэн.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бизнес эрхлэгчдийг хууль бусаар дарамтлагчид, хүнд суртал гаргагчидтай хатуу тэмцэнэ” гээд Засгийн газар-Хувийн хэвшлийнхэнтэйгээ, Засгийн газар-Ард олонтойгоо, Засгийн газар-Гадаад түншүүдтэйгээ нэг зүгт харж, хүсэл зорилгоо нэгтгэж чадвал бид цаашид тулгарч болох ямар ч хүндрэл бэрхшээл, эрсдэлийг амжилттай даван туулж, хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх бүрэн боломжтойг хуралд оролцогчдод хандан хэлсэн юм. Үнэхээр ч тийм. Саяхныг хүртэл төр, хувийн хэвшил хоорондын үл ойлголцол байсан уу гэвэл байсан. Үүнд хуулийн зохицуулалт, эдийн засгийн хямрал нөлөөлсөн ч байж мэднэ. Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэлжлийн тодотголтой Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат толгойтой гурван Засгийн газар энэ асуудлыг цэгцлэх гэж хэрэндээ л хичээсэн. Тодорхой хэмжээгээр үр дүн гарсан. Гэхдээ бодлогын төвшинд биш.

Учир нь, тэдний хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого УИХ-ын өмнө гацчихдаг. Юу хэлэх гээд байна гэхээр Ардын гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнөх танхимуудынхаа чадаагүйг нэгдсэн бодлогын төвшинд нэгдмэл зорилготойгоор хэрэгжүүлэх “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо зарлалаа.

Тогтвортой өсөлтийг бий болгох, хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах, иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын гэсэн гурван реформыг үлдэж байгаа 900 хоног бодит ажил хэрэг болгох, гурван жилийн төлөвлөгөөгөө зарлаж, танилцуулсан нь энэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын онцолсноор эдгээр шинэчлэл Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур. Тиймээс л Монголын эдийн засагт урин хавар ирлээ гэж тодотгоод байгаа хэрэг.

Эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувь болтлоо буурсан ч 2017 онд 5.1 хувь болж өсчээ. Үүнийг дагаад төсвийн алдагдал буурч төлбөрийн тэнцэл ашигтай гараад байгаа юм. Засгийн газрын түвшинд төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, алдагдлыг хоёр дахин бууруулсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь нэгдсэн төсвийн нийт алдагдал 2016 онд  ДНБ-ний 18 хувьтай тэнцэж байсан юм. Харин 2017 онд ДНБ-ний 9.5 хувь байхаар баталсан ч урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувь гарч, суурь үзүүлэлт эрс сайжраад байна.

Гадаад худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Засгийн газар олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлсний үр дүнд валютын орох урсгал 2017 оны сүүлийн хоёр сард 583 сая ам доллараар нэмэгдэж, төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарав. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, 1.5 тэрбум ам.долларт хүрсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэж байгаагийн тод илэрхийлэл юм.

Валютын албан нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн нь төгрөгт итгэх итгэлийг сэргээж, Монголбанк бодлогын хүүгээ 10 хувь болгож бууруулсан явдал байлаа. Чингис бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг өрийг Монгол Улс хугацаанд нь төлснөөр олон улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд түлцэц болсон юм. Эдийн засагт хавар ирлээ хэмээн тодотгоод байгаа нь ийм учиртай. Гэхдээ…

Эдийн засагт эерэг сайн үр дүн гарч байгаа боловч том төслүүдээ хөдөлгөх асуудалд нэгдсэн ойлголцолд хараахан хүрээгүй явна. Монгол Улс нутаг дэвсгэр, баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг орон. Гэвч нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг атлаа гурван хүний нэг нь ядуу амьдарч байна.

1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрөхөд монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас өрийн гүнзгий хямралд нэрвэгджээ. Тиймээс хүссэн хүсээгүй хүчээ нэгтгэн ажиллах шаардлагыг цаг хугацаа биднээс шаардаж байна. Эдийн засгийн хөгжлийн түшиг тулгуур нь сайн төлөвлөлт байдаг. Харин сайн төлөвлөлт нь хөгжлийн тулгуур, хөтөч болдог. Гагцхүү түүнийг хэрэгжүүлэх суурь болох учиртай баримт бичиг нь “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” юм.

1958-1990 оны бүтээн байгуулалтын үеийг эргэн саная. Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх найман таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тэр үед Монгол Улс эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөгөө тооцоотой байсны хүчинд Эрдэнэт, Дарханы үйлдвэрүүдээ босгож, төмөр замаа барьж, хөдөө аж ахуй, атар газар эзэмшиж, ноос ноолуурын үйлдвэр зэрэг олон салбарт том бүтээн байгуулалтууд хэрэгжжээ.

1990 оноос хойших ямар бүтээн байгуулалтад өрнөв. Бараг байхгүй. Энэ бол хуучныг санагалзаж байгаа хэрэг огт биш. Дэлхийн эдийн засгийн бодлого тодорхойлогчид энэ зуунд Ази тивд эдийн засгийн үсрэнгүй өсөлт, дэвшил гарна гэдгийг хэлсээр байна. БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Хонгконг, Тайвань тогтвортой хөгжлийн бодлого, нэгдсэн төлөвлөлт зохион байгуулалтаар хурдацтай хөгжсөн. Бид энэ туршлага, загвараар хөгжиж, Азийн шинэ хөгжлийн төв болж, хөгжих боломжтой гэж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталсан юм. Өөрөөр хэлбэл, бидэнд нэгдмэл төлөвлөлт хэрэгтэй байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар 900 хоног, гурван жилд хийх хөгжлийн бодлогоо зангидаж, хэрэгжүүлэх гэж байгаад асуудлын зангилаа оршино.

Харин нэгдмэл төлөвлөлт бол “Гурван тулгуурт бодлого”-ын суурь гэдгийг энд тодотгоё. Жишээ нь, сахилга, хариуцлага бол “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын амин сүнс. Төлөвлөгөө гаргаж, зорилт дэвшүүлсэн бол түүнийг бүрэн хариуцах эздийг тохоон томилж, үүрэг, хариуцлагыг шаардах ёстой. Албан тушаалтнууд тавигдсан зорилтыг хариуцлага, сахилга баттай гүйцэтгэж чадвал шагнал, урамшууллаа хүртэн, эс чадваас хариуцлагаа хүлээдэг зарчмыг нэвтрүүлж байж л хөгжил ирнэ.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд хийх эдийн засгийн шинэчлэл татварын шинэ хуулиадаар эхэлж байна. УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлнэ. Бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, тодорхой бус ойлгомжгүй заалтуудыг цэгцлэх, татварын албыг чадавхжуулахын тулд энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх юм.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын тухай задалж бичвэл үүнээс ч олон шийдэл, гарц бий. Гагцхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар 900 хоног, гурван жилд хийх хөгжлийн бодлогоо зангидаж, хэрэгжүүлэх гэж байгаад асуудлын зангилаа оршиж байна. Ялгаатай нь, УИХ-д үнэмлэхүй олонхийн намын дарга, Засгийн газрын тэргүүн нь У.Хүрэлсүх өөрөө. Өмнөх Ерөнхий сайд нар шигээ хэн нэгний барьцаа, шахаанд орох бус харин ч зоригтой, шийдэмгий байх бүх боломж У.Хүрэлсүхэд байна. Эдийн засагт хавар ирлээ гэдэг нь ийм учиртай.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдрийн хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, “Бүтээн байгуулалтын тендерүүдээ зарлаж, ажлаа эхлүүлсэн, Гурван тулгуурт хөгжлийн бодлогын ажлууд эхэлсэн. Тавдугаар сарын 21-22-нд Эдийн засгийн форумыг хөрөнгө оруулагчдаа оролцууулаад хийнэ” гэлээ.

 

эх сурвалж: gogo.mn

Leave a Reply